Хүний амьдарлын утга учрын нэг нь харилцаа. Харилцаа байхгүйгээр ойлголцол, итгэл, амьдрах урам зориг, сэдэл байхгүй. Үгүй ер нь тун хэцүү болох байх. Та нэг өдөр хэнтэй ч ярихгүй, хэнийг ч сонсохгүй, таныг хэн ч сонсохгүй байна гээд төсөөлөөд үз дээ. Хоногийн 24 цагийн гуравны нэг, түүнээс илүү хувийг хүрээлэн буй хүмүүстэй, нийгэмтэй харилцахад зарцуулдаг. Энэ их өндөр тоо.
Сайхан харилцаатай, хүнтэй санаа бодлоо зөв ойлголцож чаддаг харилцагчидтай бид өөрийн эрхгүй сэтгэлээсээ ханддаг. Ийм харилцаа удаан бас найдвартай байдаг. Харилцаа мэдээж хоёр талын субьектээс шалтгаалдаг. Таны харилцагч хичнээн сайн байлаа гээд та түүн шиг байж чадахгүй бол үл ойлголцолтой учирна. Бусдыг байлдан дагуулж чадсан хүмүүсийн дийлэнх нь бусдыг сайн сонсдог бас сайн ярьдаг. Надад энэ чадвар байдаг билүү гээд та өөрөөсөө асуугаад үз дээ?
Дох-ын халдвартай хүн өвчнөөсөө бус харин бусадтай харилцах харилцаа өөрчлөгдөснөөс, ганцаардлаас болж энэ хорвоог орхиж байна гэсэн судалгааг эмч нар гаргажээ. Шоронд байгаа хоригдол хайртай хүмүүстэйгээ, гэр бүлтэйгээ ярьж харилцаж чаддаггүй болохоор тэр хамгийн хүнд, хэцүү шийтгэл байх. Амтгүй хоолыг бид өдөр бүр идээд байж чадна, харин өдөр бүрийн зөрчилтэй, үл ойлголцсон харилцааг тэвчиж чаддаггүй.
Хүн төрөлхтөнд тохиолдож байсан хамгийн гарз хохиролтой зүйл бол дайн. Харин гэр бүл, найз нөхдийн дунд гардаг хамгийн сөрөг харилцаа бол маргаан, зөрчилдөөн. Маргаан, будлиантай байхыг хэн хүсэх вэ. Эдгээр үйл явцыг байлгахгүй, бага байлгахын тулд харилцааны олон, арван дүрмийг судлаачид боловсруулан санал болгосон байдаг. Гэхдээ түүнийг бүгдийг шүүрч аваад амьдралдаа, өдөр тутамдаа хэрэгжүүлнэ гэвэл дашин шог.
Харилцааг судлахгүйгээр хэн нэгний мөн чанар, өөрийгөө танина гэвэл худлаа. Нэрт сэтгэл зүйч Карл Густав Юнг аналитик онолдоо хүн бүр “БАГТАЙ” байдаг. Жинхэнэ дүр төрхөө хүн төрөлхтөн ямагт зүүсэн багнийхаа цаана нуусаар иржээ. Зарим тохиолдолд тэрхүү багаа зүүсээр насан эцэслэдэг гэсэн санааг гаргаж тавьжээ. Эргэн тойронд маань баг зүүсэн хүмүүс дүүрэн байгаа. Заримдаа бүр бид өөрийн биш хүний баг зүүсэн байгаагаа ч үл анзаарна. Худлаа инээд, хуурамч амлалт, болчимгүй үйлдэл, эргээд харахад яах гэж? гэсэн асуулт. Ийм байснаараа хүн юу ч авдаггүй, харин алддаг. Өөрөө өөрийнхөөрөө байхаас илүү эрх чөлөө хаана ч үгүй. Өөрийнхөө мөн чанараар байгаа хүн хэзээ ч хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлж, хэнийг ч гомдоодоггүй.
Гар бариад бугуй барьдаг хүн өөрийн үнэн бодит дүр төрхөө нууж байгаад хэсэг хугацааны дараа гаргаж байгаа харилцагчаас гарцаагүй. Ийм категорт багтах хүмүүсээс бид хэсэг хугацааны дараа таниад л “зайгаа барьдаг”. Амьдрал сайн, сайхнаар дүүрэн. Та ч үүнтэй санал нэг байгаа байх. Гагцхүү түүнийг хэрхэн олж харж, өөртөө тусгаж авч байна гэдгээс ихээхэн зүйл шалтгаалдаг. Бусадтай мөн өөртэйгөө гүн бат ойлголцохын тулд харилцааны сэтгэл зүй, харилцааны соёлыг заавал олж эзэмших хэрэгтэйг харилцааны сэтгэл зүйчид хэлжээ. Тэднийн санал болгосон хэдэн санамжийг танд толилуулъяа.
1.Худалч зан хуурамч харилцааны эхлэл. Худал хэлснээр өөрийн байр суурь, нэр төрөө өнөөдөр биш гэхэд маргааш эсвэл ирээдүйд алдана. Алдагдсан боломж эргэж хэзээ ч ирдэггүй.
2.Чадахгүй зүйлээ бүү амла. Бидний ихэнх нь “үгүй” гэж хэлэхээсээ ичдэг, санаа зовдог. Өөрөө чадахгүй, амжихгүй зүйлээ харилцааны эхэнд хэлэх ёстой. Харин ингэж чадахгүйгээс өөрийгөө ч эвгүй байдалд оруулж, өрөөл бусдын ажилд садаа болдог.
3.Инээ, гэхдээ чин сэтгэлээсээ. Нүдээ аниад Таны хувьд хамгийн сайн харилцагчийг төсөөл дөө. Сайхан инээмсэглэсэн хэн нэгний төрх танд санагдаж байна уу? Инээд өгч байгааг нь үгүйрүүллэггүй, авч байгааг нь баяжуулдаггүй мөртлөө эерэг, дулаан уур амьсгалыг хаана ч бүрдүүлж чаддаг. Инээж байна гэдэг “надад таатай байна”, “бидэнд таалагдаж байна” гэсэн үг.
4.Зөв чанарыг өөртөө төлөвшүүлэхийг хичээ. Би төрөлхийн л ийм хүн, би энэ чигээрээ насан туршдаа байна гэж бодож байвал та эндүүрч байна. Хүмүүст байдаг сайн чанарыг өдөр тутамдаа бодож, хэрэгтэйг нь өөртөө тарьж суулгах, бүр сайн гэгч нь усалж ургуулах хэрэгтэй.
5.Өөрийгөө болоод бусдыг хэрэгтэй цагт нь урамшуул. Урамын үг, сайшаалыг хэрэгтэй цагт нь, зөв газар нь, оновчой хэлэхэд юун нь буруу байхав. Хэтрүүлж л болохгүй.
6.Буулт хийж сур. Зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг хүн бүтэлтэй байдаггүй. Бухын хүзүүнээс хатуу хүмүүс өөрөө өөртөө л сэтгэл хангалуун байдаг. Бусад нь бол хэзээ ч үгүй.
7.Сонс дараа нь ярь. Бид ярихаа л урьтал болгодог. Хүний хэлэх зүйлийг сонсоод дараа нь яривал харилцаа хамаагүй хялбар болно. Тэгээд ч нэг ам, хоёр чих бидэнд байдаг биз дээ
8.Бусад харилцагчдаас суралц, аль болохоор сайныг нь. Сайныг нь аваад саарыг нь хая. Хэрэгцээтэй сайхан шинжүүдийг өөртөө төлөвшүүлсэн харилцагчидын зан үйлийг та өөрийн хэрэглээ болгох гээд үз.
Хамгийн сайн харилцагч хэн бэ? гэвэл “БИ” гэж та хэлээрэй.
СЭТГЭЛИЙН ТОЛЬ сэтгэлзүйн төвийн сэтгэлзүйч Б.Ууганцэцэг
11-331175
Ц-шуудан: uugantsetsegss@yahoo.com
Хаяг: МУИС-ийн 4-р байр ЭЗС-ийн урд, туслах замынхаа зүүн талд
“Асуудалгүй амьдрал гэж үгүй бид хуваалцъя” Та ч бас хуваалцаарай!


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: